Суварга


Хуучнаар Түшээт хан аймгийн Говь түшээ гүний хошуу буюу одоогийн Дундговь аймгийн Хулд сумын нутаг Бүлээн багийн Тугалын бүлээн гэх газар Суварга босгох ариун үйл хэрэгт гар бие оролцож, мөн босгох үйл явцыг нүдээр харах боломж надад тохиовоо.

..... Говь нутгийнхаа амар амгалан, тэмээн сүргийг бахдан машинаар аялах зуур бидний очих газрыг юуны учир “Тугалын бүлээн” – хэмээн нэрийдэх болов гэж бодов. Монголчууд байгаль дэлхийтэй шүтэлцээтэй амьдардагын хувьд эрт дээр үеэс байгалийн хатуу ширүүн ган зудны үед хүн малын аминд орсон газрыг тухайн хүн малын нэрээр нэрийддэг байсан эртний Монгол уламжилалаар энэ сайхан нутгийг “Тугалын бүлээн” хэмээн нэрийдсэн байх нь гэсэн бодол толгойд зурвас хөврөв.
Судлахнээ 1967 оны хоёрдугаар сарын 3-ны өглөө Хулд сумын Бүлээн багийн нутаг Алаг уулын Өндөр-Өлгийн бууцанд унасан 1.250 кг жинтэй солирыг “Тугалын бүлээн” гэж нэрийдсэн нь сонирхолтой санагдав. Дэлхийн солирын бүртгэлд “Тугалын бүлээн” нэрээр бүртгэсэн энэ солир нь 7.1 сая жилийн настай, сансарт байхдаа 10.5 кг жинтэй солир байсан аж. Одоо энэ солир аймгийн музеид бий.
Хөрсөндөө усан, утаат болор, гартаам зэрэг ховор эрдэнийн чулуутай, уух ус дотор эрхтнийг эмчилдэг рашаан, гишгих газар нь зүсэн зүйлийн эмийн ургамалтай баян сайхан говь нутаг аж.
9-р сарын 26 буюу Намрын дунд хөхөгчин тахиа сарын, хар бич, Билгийн тооллын 10-ны өдөр Лам багш Олхон овогт Норжингын Шагдарын үр хүүхэд, ач, гуч, төрөл садан, худ ураг, нутаг усныхан болон шавь нар нь цугларч түүний төрсөн нутагт болох Хулд сумын Тугалын бүлээн хэмээх газар түүний гэгээн дүрийг хүндэтгэн, мөн хамаг амьтныг энх жаргалтай байлгах тусын тулд “Суварга” шүтээн босгож том үйлс бүтээв.





Намрын налгар энэ өдөр Суварга шүтээнд зориулсан бэсрэг наадам зохион байгуулж сумын идэр залуус нь барилдаж, эргэмэг шандаст хүлгүүд нь уралдаж, ураг төрлөөрөө, баг, сумаараа сайхан наадаж баярлан цэнгэв.
Бурханы номонд “Суварга бол бурханы лагшин, номлол, таалал лугаа барилдсан хамаг бурхдын хурах ордон. Суварга бол бурханы энэрэлээр төрсөн хувилгаан дүрийн газар дээрх сүлд, Суварга бол эрхэс тэнгэрийн эрчсийг эх газарт татан буулгах төв” хэмээн айлдсан байдаг. Суваргыг хүндэтгэн тойрч маани тарни хөгжөөсөн хүн цаглашгүй их буян хураадаг гэдэг бөгөөд тэр ч утгаараа “Суварга” шүтээн бүтээх нь энэ насандаа хийж буй том буян юм.



.... Өвгөн лам амьд ахуйдаа Гандандэгчилэн хийдэд Гэвш цолтой Ловон лам байсан бөгөөд бүхий л насаараа олон зуун хүнд тус хийж олон сайхан эрдэмт шавь нарыг сурган хүмүүжүүлсэн буянтан байсан аж, тэр их буяны үрээр энэ шүтээнийг түүний үр хүүхэд, ач, гуч, төрөл садан, худ ураг болон Хулд, Луус сумын иргэд хүрэлцэн ирж босголцож байгааг хархад бахдам сайхан ажээ.



Энэ сайхан үйлсийг санаачлан хэрэгжүүлсэн Олхон овогт Н.Шагдарын Нүрдэвийн Ихмонгол болон түүний гэр бүл үр хүүхдүүдэд нь аз жаргал сайн сайхан бүхнийг ах, дүү нар болон садан төрлөөс нь болон хувиасаа хүсье.
Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай

Comments

Popular Posts