Mongol Derby

Гиннесийн номонд “Дэлхийн хамгийн урт морин уралдаан” хэмээн бүртгэгдсэн Морин уралдаан жил бүр Монголд болдогийг саяхан мэдлээ.

Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн эрэгтэй, эмэгтэй, хөгшин залуу 50 гариу оролцогчид 35-40 км тутам морио сэлгэж нийт 10 хоногийн хугацаанд 1000км замыг туулдаг уралдаан юм. Энийг уралдаан гэхээсээ хувь хүний сэтгэлийн тэнхээ, бие мах бодь, хатыг шалгах том сорилт гэж хэлж болох юм.
Нийт оролцогчдын талаас илүү нь мориноос унаж арьс нь зулгарах, яс нь хугарах, шөрмөс нь тасрах эсвэл сэтгэлээр унаж, зорилгоосоо няцаж бууж өгч гэмтэл авснаар тэмцээнээс гарч, үлдсэн цөөн тооны морьтонгууд л барианы шугаманд хүрч чаддаг байна. Дийлэнх оролцогчид түрүүлэх бус оролцох, тэмцээнийг даван туулж дуусгах нь гол зорилго байдаг.
Их Британид төвтэй “The Adventurists” компани Их эзэн Чингис хааны үед бий болгосон морин өртөөний шуудангийн системээс үлгэр авч энэхүү уралдааны бүтцийг зохиожээ.
Чингис хааны үеийнхтэй адил өртөө бүр нь нутгийн айл байх бөгөөд оролцогчид тухайн айлдаа Монгол хоол идэж, унтаж амардаг байна. Монголын өргөн уудам газар нутгийг туулах замд өндөр даваа, гүвээ давах, намаг чийгтэй газар, элсэн манхан, дов толгодоор явах, гол мөрөн гатлах шаардлагатай болно. 40 км тутамд солигдох өөр өөр зан авиртай морьддоо дасах гэж оролдож байх зуураа эдгээр төрөл бүрийн газар нутгийг төрөл бүрийн цаг агаарын нөхцөлд даван туулна.
Тэд 2009 оноос эхлэн “Монгол Дэрби” –г зохион байгуулж байгаа бөгөөд уралдааны зам маршрутад жил бүр 25% өөрчлөлт оруулдаг байна. Уралдаанд оролцох хүсэлтэй хүмүүс бичгээр анкет бөглөхөөс гадна утсаар ярилцлаганд ордог байна. Тэмцээний хураамж анхандаа 13,000 орчим ам.доллар байсан бол 2022 оны хураамж 15.500 ам доллар болж өссөн ч өөрсдийгөө сорих оролцогчид жил бүр үлэмж нэмэгдэж 2024 оны захиалга дүүрч, 2025 оны бүртгэлээ тэд эхлүүлээд байна.
Бүртгэлийн хураамжид нийт ажилтаны цалин хангамж, логистик, малчидад өгдөг 1000-1500 орчим агт морьдын зардал, эмч, эм тариа, орчуулагч, оролцогч бүрийн Garmin GPS байршил тогтоогч хэрэгсэл, автомашин, уралдааны өмнөх сургалт зэрэг бүхий л зардал багтдаг аж.



The Adventurists –ийнхан зөвхөн оролцогч ч бус морьдын аюулгүй байдлыг хангах тал дээр их анхаарал хандуулдаг. Тэмцээн эхлэхээс өмнө оролцогчид морь уналгын хувцас хэрэглэлээ өмсөж, эмээл, хазаар, хоосон цүнх, хоосон усны савны хамт жингээ үзүүлдэг ба нийт 85 кг-аас илүүгүй байх ёстой. Харин жингээ үзүүлсэний дараа нэмж 5 кг жинтэй ачаа авч явах зөвшөөрөлтэй байдаг юм байна. Морин өртөөнд ирмэгц малын эмч морьдын бодисын солилцоо явагдаж буй байдал, усан хангамж, бие организмын тогтвортой байдал, зүрхний цохилт зэрэгт хяналт тавьдаг байна.
“Монгол Дэрби” уралдаанд морин спортын удирдах байгууллага Federation Equestre Internationale -с тогтоосон зүрхний цохилтын стандартыг ашигладаг. Морьд 30 минутын амралт авсаны дараа морины зүрхний цохилт минутанд 64 –с дээшгүй цохилж байх ёстой гэнэ. Хэрвээ энэ хугацаанд зүрхний цохилт минутанд 64 хүртэл доошлохгүй бол тухайн оролцогч хоёр цагийн торгууль авдаг байна.



2013 онд Их Британий оролцогч 19 настай Приор Палмер хэмээх охин 7 хоногийн дотор замыг туулсанаар “Монгол Дэрби” –ийн анхны эмэгтэй ялагчаар тодорсон юм. Түүний энэ талаар бичсэн “Rough Magic” нэртэй ном буй. Уншаад үзээрэй.



Дэлхий даярчлагдан, технологжиж байгаль эх дэлхийгээс тасран буй энэ үед өөрийгөө, адал явдал хайсан мянга мянган хүн Монгол морьдын бяр чадлыг үзэх, Монголын Их түүх, ёс заншил, нүүдлийн соёлыг танин мэдхээр хөх тэнгэрийн Монголруу тэмүүлж байна.
Энэ мэт тэмцээн улам өргөжин тэлээсэй гэж хүсэж байна.
Сонирхуулхад энэ уралдаанд ӨАБНУ-ын Franco C Saddlery - үйлдвэрийн Зөвхөн Монгол моринд зориулан бүтээсэн хөнгөн, удаан сууж явхад холгохгүй эмээлийг ашиглаж байна.



Comments

Popular Posts