Б.БАЯНДЭЛГЭРИЙН НЭРЭМЖИТ БЭСРЭГ НААДАМ

Хуучнаар Цэцэн хан аймгийн Боржигон Цэцэн вангийн хошуу буюу одоогийн Дорноговь аймгийн Иххэт сумын нутагт гурван хөх уул бий, Өнгөрсөн, эдүгээ, ирээдүй гурван цагийг бэлгэдсэн гэлтэй Гурван мандал уулын хаянд Өвгөн аавынхаа алдар гавьяаг нь мөнхжүүлэн дурсах Бэсрэг наадмыг зохион байгуулах хүндтэй үйл хэрэгт гар бие оролцвой.

Эрт галавын домог өлгийдсөн, хөрсөн дээрээ түүхийн ховор нандин дурсгалтай, хөрс шороон доороо эрдэнэс баялагтай энэ л сайхан Боржгин нутаг бидний нутаг. Гурван мандлын тэнгэр дор Батнасангийн Баяндэлгэрийн үйл хэрэг, хөдөлмөр, бүтээлийг нутгийн зон олон, Монголын уулын уурхайн түүх гэрчлэх билээ.
Нар хур тэгширсэн Зуны адаг, Шарагчин хонь сарын, улаан бич өдөр буюу 2023 оны 08-р сарын 6 ний өдөр Боржгин овогт Батнасангийн Баяндэлгэрийн үр хүүхэд, ач, зээ, төрөл садан, худ ураг, нутаг усныхан, Хажуу-улааны уулын үйлдвэрийн хамтран зүтгэгчид нь хуран цугларч түүний төрсөн нутагт болох Боржигон Цэцэн вангийн хошуунд шавийг нь тавьж босгосон Зүлэгт тосгон, одоогийн Иххэт сумын зүлэг ногоон дэнжид түүний гэгээн дүрийг хүндэтгэн, дурсаж Бэсрэг наадмыг өргөн дэлгэр зохион байгууллаа.



Наадамд Их нас, Даага насны морьдын уралдаан болж Дорноговь, Хэнтий, Сүхбаатар аймгийн алдарт уяачид аргамаг хурдан хүлгүүдээ сойсон юм. Их насны морины уралдаанд бүс, аймаг, сумд олон айраг түрүүтэй 50 гаруй хурдан буянууд уралдсан бол Дааганы уралдаанд 40 гаруй хурдан буянууд шандсаа сорьсон нь энэ наадмын чанар чансааг харуулсан юм.
Их насны морьдын уралдаанд, Гарсан цагаасаа эхлэн цээжинд явсан нутгийн унаган уяач Дорноговь аймгийн Иххэт сумын уяач Нарангэрэлийн Мөнхдоржийн уясан сартай хонгор морины уяа сойлог нь таарч унасан хүүхдийн эрдэм, уяач эзний хийморь, уралдсан буяны хурдаар түрүүллээ. Өвөө минь амьд сэрүүндээ МУ-ын Алдарт уяач Л.Нарангэрэлтэй нөхөрлөж явсан билээ, Н.Мөнхдорж уяач аргагүй эцгийн голомт залгасан удамт уяач юм.

Аман хүзүүнд нутгийн уяач Алтангэрэлийн Түвшинбаярын уясан зээрд халзан морь давхин ирж аргагүй сайн хүлэг гэдгээ баталсан юм.
Айргийн гуравт Хэнтий аймгийн Галшар сумын уяач Юрагийн Батмөнхийн цавьдар, Айргийн дөрөвт мөн Хэнтий аймгийн Галшар сумын уяач А.Уртнасангийн Зээрд, Айргийн тавд Дорноговь аймгийн Иххэт сумын уяач Ойдовын Энхболдын Зээрд морь барианд ирж тус тус уясан эзэн, унасан хүүхдээ баярлууллаа.
Дааганы уралдаан 10 км газраас уралдаж унасан хүүхдийн эрдэм, Уяач эзний хийморь, уралдсан хүлгийн шандсыг сорьсон юм.
Энэхүү дааганы уралдаанд Дорноговь аймгийн Иххэт сумын харьяат Дорноговь аймгийн ИТХ гишүүн Чойдоржийн Энхбаатарын хүрэн улаан даага түрүү магнайд ирж хурсан олон, уралдаанч хүүхэд, уясан эзнээ баясган торгон жолоо өргүүллээ.

Аман хүзүүнд нутгийн уяач Лепийн Батсайханы Зээрд улаан морь давхин ирсэн бол айргийн гуравт Дорноговь аймгийн Иххэт сумын уяач А.Түвшинбаярын хээр морь, айргийн дөрөвт Хажуу-улааны уулын үйлдвэрийн 5 дахь дарга, Өвөөг минь эргэн дурсах түүний алдар гавьяаг мөнхжүүлэхэд үйлсэд өндөр хувь нэмэр оруулж байгаа Д.Энхбаатарын сартай хүрэн морь, айргийн тавд Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын уяач Ц.Ганзоригийн халзан морь орж тус тус ирж хурсан олон, уралдаанч хүүхэд, уясан эзнээ баясгалаа.
Даага, Их насны уралдаанд эхний 10 морийг барьж, цулбуурдсан морьдын шагналыг гардуулсан юм.



Бэсрэг наадамд 10 хүртэлх насны ангилалд 32 бөх, 11-ээс 15 нас хүртэлх насны ангилалд мөн 32 өсвөрийн бөх, Насанд хүрэгчдийн ангилалд хүчит 32 бөх уран мэхийг уралдуулж, бяр шалгаж гал гарсан ширүүхэн барилдаанууд хийсэн.
Насанд хүрэгчдийн ангилалд, Хэнтий аймгийн Дархан сумын харьяа сумын заан Н.Идэрбат түрүүлж, Дорноговь аймгийн Иххэт сум бөх аймгийн начин А.Тэмүүжин үзүүрлэлээ. Шөвгийн дөрөвт Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын харьяа сумын заан Г.Хүрэлбаатар болон Дорноговь аймгийн Иххэт сум бөх аймгийн начин Р.Сонинбаяр нар шалгаран үлдсэн юм.



Өнөө жил Иххэт нутгийн хүн малын зоо тэнийсэн дэлгэр сайхан зун болж байна. Сумын наадмын дараа нутаг усандаа ийм өргөн дэлгэр сайхан наадам болсонд нутгийн зон олон туйлын их баяртай байгаагаас гадна Бэсрэг наадмын зохион байгуулалт үйл ажиллагааны талаар наадмын өнгө төрхийг харсан Хажуу-улаанчууд, Иххэтчүүд, уяачид, малчдын сэтгэл сэргэсэн, нүд баясгам наадам болж байна хэмээн олон хүний амнаас өөрийн биеэр сонсоход сайхан санагдаж байсныг нуух юун.
Энэ дашрамд Бидний бидний үйл ажиллагааг дэмжин ажилласан Иххэт сумын ЗДТГ, Хэтийн хурд МСУХ, Иххэт сумын соёл, спортын төв, Иххэт сумын Эрүүл мэндийн төв, Эргэн дурсахуй-2 арга хэмжээний зохион байгуулах комиссын нийт хамт олондоо баярлаж талархсанаа илэрхийлье.
Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

Comments

Popular Posts