Прогрессив татвар
УИХ-н дарга Г.Занданшатар “Прогрессив” татварын талаар ярьж нийгмийн халамж, тэтгэврийн асуудал, сангуудын алдагдлыг бууруулах, тогтворжуулах талаар ярьхыг сонсоод машид гайхлаа.
Энэ яриа нь магадгүй нийгмийн үлэмж масс болох бага орлогтой иргэд таалагдах нь дамжиггүй. Гэхдээ хэзээ ч “ёо” гэж хэлж байгаагүй, хөмхий зуун зүтгэж, улсыг нуруун дээрээ үүрч яваа нийт дундаж давхарга болох татвар төлөгчидийг шимин паразитлаж, тэдний амьдрал ахуйг доош татах гэж байгааг хууль боловсруулагчид ойлгох хэрэгтэй. Татварын бодлого өнөөдрийн сангийн алдагдалыг хаахдаа бус алс хэтдээ татвар төлөгчдийн тоог нэмэгдүүлж, ядуурлыг бууруулхад чиглэх ёстой.
Нэг хэсэг нь Хөгжлийн банкийг, төрийн санг, Татвар төлөгчдийн мөнгийг хүссэнээрээ тонон дээрэмдэж байдаг эсвэл Төрийн алба нь тооцоогүй, хэт тансагласан үргүй зардал гаргаж байхад нөгөө хэсэг нь чимээгүйхэн дарлуулаад төлөөд суудаг байж таарахгүй.
Би Б. Намсрай /Доктор, Профессор/-гуан 1993 нд шинэ толь сэтгүүлд хэвлүүлсэн “Татварын тогтолцоо, бодлого” нийтлэлээс та бүхнийг уншаасай гэсэн хэсгийг тасдаж тавьлаа.
… Татварын хуулийг хэн боловсруулсан бэ гэдгээс бас нэлээд зүйл шалтгаалж байж мэдэх юм. Өөрөөр хэлбэл, уг хуулийн тодорхой заалт тухайн байгууллагын ашиг сонирхолтой шууд холбогдож байвал, хуулийн боловсруулалт, ерөнхий үзэл баримтлалын хувьд согогтой болоход хүрдэг тал бий. Жишээлбэл, татварын хуулийг сангийн яам, татварын алба боловсруулах нь төсвийн алдагдлыг багасгах сонирхлыг гол болгоход хүргэхгүй гэх газаргүй юм.
Зах зээлийн эдийн засгийн ухаанд орлогын пропорционал татвар бол эдийн засгийг автоматаар тогтворжуулагч гэж үздэг. Харин прогрессив татвар бол эдийн засгийн өсөлтийн үед өсөлтийг улам урамшуулах, уналтын үед уналтыг улам хурдасгадаг гэж үздэг. Энэ үндэслэл Монгол улсын татварын хуулийн үзэл баримтлалд хараахан тусгагдаагүй байгаа нь бас нэгэн шүүмжлэлтэй хандах шалтгаан болж байна.
Ийм учраас татварын бодлого бол эдийн засгийн тогтворжуулалттай салшгүй холбоотой, зах зээлийн эдийн засгийн онол, практикийн нэн чухал зангилаа асуудал болох нь илэрхий байна.
… Улсын олон янзын трансфертийн төлбөр буюу нийгмийн зардал нь хөдөлмөрлөх урамшууллыг багасгадаг гэж энэ онол үздэг. Энэ онолоор ажилгүй хүнд тэтгэмж олгох нь ажлаасаа халагдахаас айх явдлыг багасгаж, сахилга бат муутай, бүтээмжээ дээшлүүлэхийг чармайхгүй болгодог. Ер нь трансфертийн төлбөр бол хөдөлмөрийн урамшууллыг багасгадаг… гэжээ.
Ер нь хууль тогтоогчид хуулийг боловсруулахдаа Онолыг нь практиктай хослуулдаг эсэх, зөвхөн хуульчид гэлтгүй эдийн засагчидыг оролцуулдаг эсэх, практик буюу хуулийг шууд хэрэгжүүлдэг байгууллагуудын саналыг сонсдог эсэх нь эргэлзээтэй байдаг нь нуух юун.
Comments
Post a Comment