Ард түмнийг хохироосон хүн завшдаг...

"Дөрвөн настай дагавар хүүгээ тамлан зодсон ..... хаалттай хорих ангид 10 жил хорихоор болжээ".....
Бид дээрх үйл явдлыг анх сонсоод нийгмээрээ нэг хүнийг үзэн ядсан, энэ үйлдэл угаасаа байж боломгүй зэрлэг балмад үйлдэл байсан. Улмаар цагдаа, прокурор, шүүх ч хуулийн дагуу ажиллаж 10 жилийн ялыг түүнд өглөө, хуулийн систем ингэж л хатуу ажиллах ёстой. Нэг хүү сэтгэлийн гүн сорвитой үлдэж, нэг эр насан туршдаа харамсаж, гэмшин амьдрах хувь тавилантай болж байх шиг байна.
Гэтэл оймсондоо 10000 америк доллар хавчуулсан төрийн албан хаагчид маань нийтийн албан томилогдох эрхээ 5 жилээр хасуулж, 40 сая төгрөгөөр торгуулаад өнгөрч. Төр засаг маань биднийг ард түмэн гэж хардаг гэдэгт эргэлзэх боллоо, ядарсан, тархидуулахдаа таарсан та муусайнууд энэ арчаагүй хувь тавилантайгаа ингээд эвлэрч амьдар, чаддаг нь ингэдэг юм за юу гэж тунхаглаж байгаа мэт ..... ? Ямар эгдүүрхэм муухай тохуурхал вэ? Энэ одоо шудрага ёст хуульт улс мөн үү? Шударга ёсны сэлэм хаана байна?
Энэ хоёр хэрэг хоорондоо хамааралгүй мэт боловч нийгэмд үзүүлэх хор нөлөө аль илүү аймшигтай вэ гэдгийг нэг бодоод үзээрэй та минь.
Улсаа худалдан идэж байгаа ханаж цадхаа мэддэггүй энэ их олон хурган дарга нар тэднийг тохоон томилсон эрхтэн дархтнуудын хорт сүлжээнд Монгол улс сүйрч байх шиг. Энэ их хуульгүй, эх замбраагүй, эрээ цээргүй байдлаас болж авилгал, ажилгүйдэл хэрээс хэтэрч тэр хар нийгмийн масс стресс яван явсаар сэтгэлийн хатгүй эрийн гараар дамжиж бяцхан хүүхдүүд, эмэгтэйчүүд дээр аянга болон бууж байгаа юм. Эх нь булингартай бол адаг нь юу гэж тунгалаг байхав. Улс минь авилгалгүй, эдийн засаг нь тогтвортой, нийгэм стрессгүй бол ийм хэрэг гарах ч үгүй биз.
Миний, чиний, бидний Монголоо тэжээх гэж чадан ядан цуглуулсан татварын хэдэн төгрөг хэн нэгний оймсонд хавчуулагдаж, цадхаа мэддэггүй хүн сүгнүүдийн идсэн хоолны шавхруу нь ард түмэнд нь хүрэхгүй байсаар байна. Төр минь дэ, энэ хэдэн томилгооны цаддаггүй хэдэн хоосон толгойтнуудаа нэг цэгцлээсэй дэ. Төрийн яам, агенлагуудын дарга нарын томилгоог дотроос нь хийх цаг нь болсон шүү.... намын фракцуудын томилолтоор ирсэн хурган дарга нарын хоолын бэлдэж, тарьсан балгийг нь насаараа ажилсан мэргэжилтэн л хойно үлдэж цэгцэлдэг уламжилал тогтлоо.
Өөрсөддөө тааруулж хууль өөрчилдөг биш хуулин дор ижил тэгш эрхтэйгээр амьдрах цаг нь болж, залуус минь амаа үдүүлэн чимээгүй харж суух биш дугарч, өөрчилж, бүтээх цаг нь болж, шинэ үеийнхэн авилгалын өөдөөс үгүй гэж хэлэх цаг нь болсон. Монголын хөгжил тэднээс биш таны зөв, шудрага үйлдлээс л эхлэх юм шүү.....та минь.

Comments

Popular Posts