Бид / We / 우리

Солонгос-д амьдарч байсан хүмүүс илүү сайн мэдэх байх тэдний 우리 буюу "Бид", "Бидний" гэдэг үгийг ямар их хэргэлдэг талаар, өөрийнхөө юмыг ярьж байсан ч гэсэн тэд БИДНИЙ гэж хэлдэг, бидний хүүхэд, бидний ээж, бидний эхнэр, бидний ажил.......гэх мэт. Энэ эсрэг хүндээ өөрийгөө хамаатуулдаг хэвшмэл хэлц дандаа биш ч гэсэн дийлэнх Солонгос хүнээс гардаг байсан нь миний гайхлыг түрүүлдэг байж билээ. Хожим мэдэхнээ нийлж тариа, ногоо тарьж, хамтарч ажил хийж, хамтдаа үр шимийг нь хүртэж, бие биенийхээ хөдөлмөрийг хүндэлдэг байсантай холбоотой байж.
Бид гэдэг ойлголт өнөөдөр бидэнд байна уу? Мэдэхгүй юм. Орц, гудманд хүн хог цэвэрлэдгийг мэддэг байж хогоо ил задгай хаяна, Өнөөдөр ургуулсан модыг нөгөөдөр нь хүүхэд нь хугална, Шөнө орой хог хаядаггүй юм гэж мухар сүсэглэх мөртлөө, тамхиний ишээ цонхоор чулуудна. Бүтэн жил хөдөлмөрлөсөн хөдөлмөрийг нэг дарга солигдоод үрэн таран хийнэ, Өнөөдөр л тавьсан зам, өчигдөр л хийсэн тохижуулалт, уржигдархан тарьсан ногоон байгууламжыг инженерийн шугам сүлжээ барих өргөтгөн шинэчлэх нэрийдлээр сөнөөж үрэн таран хийнэ. Бид одоо юу вэ? Магадгүй ээ, Бидэнд төлөвлөгөө байхгүй байх, Гэхдээ ядаж Бидэнд бие биенийхээ хийсэн хөдөлмөрийг хүндэтгэх жоохон ч атугай сэтгэл үлдсэн баймаарсан.
Өнгөрснөөр бэлэгдэл хийж өөрсдийгөө дөвийлгөж, дөнгөлж ханалаа, түүхээ мэдэж байхад л хангалттай. Бэлэгдэлд хүлэгдсэн Чингисийн, Тэнгэр Заяат, ХӨХ Монголын "БИД"-ээс хөрсөндөө бууж ядаж бие биеээ хүндэтгэдэг л "БИД" болчих хэрэгтэй байна.

Comments

Popular Posts